Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны сайд Ч.Номин Засгийн газрын ээлжит хуралдааны дараа дараахь мэдээллийг хийлээ.
Засгийн газраас аялал жуулчлалын салбарт зөвлөх үйлчилгээ өгдөг "Бостон консалтинг" групптэй өнгөрсөн жилээс хамтран ажиллаж, аялал жуулчлалын салбарын нөхцөл байдал, судалгааг гарган, 2030 он хүртэлх стратегиа тодорхойлсон.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Алсын хараа-2050 хөтөлбөр дээр хэрэгжүүлэх, эдийн засгийг солонгоруулах, аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгох, цаашлаад Монголд дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, үүнтэй уялдуулан 2023-2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээндээ бид ажлаа эрчимжүүлж, аялал жуулчлалын салбар дахь аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалтыг нэмэх зорилгоор Засгийн газраас тогтоол гаргалаа. Ингэснээр аж ахуйн нэгжүүдэд бага хүүтэй, урт хугацаатай хөнгөлөлттэй зээлийг бий болгох суурийг тавьсан. Зургаан жил хүртэлх хугацаанд зургаан хувийн хүүтэй зээл гаргахаар боллоо.
Монгол Улс 2030 он гэхэд хоёр сая гадаад жуулчин хүлээн авахаар төлөвлөж байна. Ингэснээр улсын ДНБ-ий 10 хувийг энэ салбараас бүрдүүлж, олон улсын зах зээлийг Монголд төвлөрүүлэх боломжийг бий болгоно гэж харж байна. Үүнийгээ дагаад аялал жуулчлалын салбарт дөрвөн улирлын турш үйл ажиллагаа явуулах аж ахуй нэгжүүдэд зургаан хувийн хөнгөлөлттэй зээлийг олгоно. Арилжааны банкуудтай хамтран ярилцаж, шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээлийг олгоно