ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Путиныг шүтэн бишрэгч Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдыг гүтгэн доромжилж огцруулжээ
Thetimes.com сайтын гадаад мэдээний сурвалжлагч Ричард Ллойд Парригийн бичсэн нийтлэлийг хүргэе.
“Засгийн газрын эх сурвалжуудын өгүүлснээр Л.Оюун-Эрдэнэ нь ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс идэвхтэй явуулсан төрийн эргэлтийн золиос болжээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бол АНУ-д боловсрол эзэмшсэн, өмнө нь хандив тусламжийн салбарт ажиллаж байсан хүн. Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нь өмнө нь цэргийн салбарт ажиллаж байсан, ОХУ-ын Ерөнхийлөгч Путиныг шүтэн бишрэгч. Монгол Улсын Ерөнхий сайд, Ерөнхийлөгч болох эдгээр хүний хоорондох төрийн эрх мэдлийн төлөөх тэмцэл сүүлийн хэдэн долоо хоногийн турш далд хэлбэрээр явагдсан юм.
Гэвч энэхүү тулаанд ОХУ-ын Ерөнхийлөгчтэй удаа дараа уулзсан, хамгийн сүүлд өнгөрөгч тавдугаар сард уулзсан эрхэм ялалт байгуулсан нь тодорхой боллоо. Тодруулбал, Монголын армийн хурандаа асан, Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн эрх мэдэл хэнд байгааг харуулж, Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг албан тушаалаас нь түлхэн унагав.
Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганыхаа танхимд “Миний харамсаж байгаа зүйл бол ямар ч мөрийн хөтөлбөргүй, алсын хараагүй, зөвхөн улс төрийн эрх мэдлийг авахын тулд албан тушаалын төлөө тэмцэлдэж байгаа хүмүүс манай улсын хөгжилд сөргөөр нөлөөлж, ухраах болно” гэж хэлсэн юм. Тэрээр “Парламентын ардчиллыг хүчтэй, тогтвортой байлгаж, авч үлдэхийн тулд дараагийн алхмуудыг зөв хийх нь маш чухал” гэжээ.
Даваа гарагт /2025.06.09/ Л.Оюун-Эрдэнийн намын гишүүд түүний халааг авах хүнээр У.Хүрэлсүхийн ойрын хамтрагч түнш, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Гомбожавын Занданшатарыг нэр дэвшүүлсэн бол парламент түүний томилгооны асуудлаар пүрэв гарагт /2025.06.12/ санал хураах гэж байна.
Л.Оюун-Эрдэнэ өөрийг нь буруутгаж байгаа авлигийн хэрэгт ямар ч буруугүй бөгөөд энэхүү асуудлыг түүний нэр хүндийг унагахыг оролдож буй улс төрийн явуулгын нэг хэсэг хэмээн хэлсэн. Монгол Улсын Үндсэн хуулиар төрийн эрх мэдлийг УИХ-д сонгогдсон гишүүдийн дундаас тодорч, кабинетаа бүрэлдүүлдэг Ерөнхий сайд болон ард түмний сонголтоор шууд сонгогдож, зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн үүрэг гүйцэтгэж, мөн шүүгчдийг томилдог Ерөнхийлөгч нарт хуваан олгосон байдаг.
Засгийн газрын эх сурвалжуудын хэлснээр өдгөө 56 настай У.Хүрэлсүх нэг удаадаа зургаан жилийн хугацаатай сонгогддог Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хоёр дахь удаагаа сонгогддог болгох нэмэлт өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахыг олон жилийн туршид хувиараа зүтгүүлж яваа ажээ. Л.Оюун-Эрдэнэ үүнийг нь үргэлж эсэргүүцсээр ирсэн боловч Л.Оюун-Эрдэнийн 23 настай хүү О.Тэмүүлэнгийн сүйт бүсгүйн нийгмийн сүлжээн дэх хуудсандаа нийтэлсэн тансаг зэрэглэлийн брэндийн үнэтэй цүнх, сүйн бөгж болон “Мерседес бенз” машинд хамтдаа суугаа зургуудын улмаас нөхцөл байдал Ерөнхий сайдын эсрэг эргэсэн байна.
Тэдгээр зураг монголчуудын дунд удаан хугацаанд оршсоор ирсэн төрийн удирдлагууд нь албан тушаалаа ашиглан хөрөнгөжсөн гэх хардлагыг улам дэвэргэж, иргэд олноороо нийслэл Улаанбаатар хотын төвд орших Сүхбаатарын талбайд жагсжээ. Л.Оюун-Эрдэнэ ч мөн эрхэлж буй албан тушаалын цалин болон өөрийн хамтран эзэмшдэг кино продакшнаасаа гэр бүлийнхээ бүх хөрөнгийг бүрдүүлж чадна хэмээн зүтгэсэн байна.
Ямартай ч Л.Оюун-Эрдэнэ, “Энэ жагсаал залуусын өөрсдөө зохион байгуулсан жагсаал байгаагүй. Мэдээж зарим залуус органик байдлаар өөрсдөө ирж жагссан байж болох хэдий ч цаанаасаа маш сайн зохион байгуулалттай жагсаал байсан. Энэ жагсаал бол хүүг минь ашиглан, миний нэр хүндийг унагах зорилготой улс төрийн кампанит ажил байсан” хэмээн хэлжээ.
Түүний тэргүүлж байсан Засгийн газрын эх сурвалжуудын хэлснээр Л.Оюун-Эрдэнэ стратегийн ач холбогдол бүхий уурхайнуудын 34 хувийг төр авч, тэдгээр уурхайг эзэмшдэг хүчирхэг бизнес эрхлэгчдийг хохироосон Баялгийн санг байгуулснаараа өөрийнхөө эсрэг маш хүчтэй дайснуудыг бий болгосон байна.
Гэвч Ерөнхий сайдыг эсэргүүцсэн жагсаал зохион байгуулалттай байсан гэдгийг нотлох баримт байхгүй. Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн хамтарсан Засгийн газраас Ардчилсан нам улс төрийн дарамт шахалтаас болж гарсны дараа Засгийн газар тарж, Ерөнхий сайдыг унагахад хүргэв.” хэмээжээ.