АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр /2025.09.05/ Батлан хамгаалахын яамны нэрийг Дайны яам болгон өөрчлөх зарлигт гарын үсэг зурлаа. Пентагоны нэрийг өөрчлөх хүсэлтэй байгаагаа Трамп ч, Батлан хамгаалахын сайд Пит Хегсэт ч мэдэгдээд байсан юм. Трампын засаг захиргаа Пентагон дотор “дайчин ёс зүй” кампанит ажил өрнүүлж буйн нэг хэсэг нь энэ.
Зарлигт зааснаар Дайны яам гэх нэрийг Батлан хамгаалах яамны хоёрдогч нэр болгон ашиглана. Мөн Пит Хегсэтийг Дайны сайд гэж дуудна.
Трамп өмнө нь наймдугаар сарын 25-нд энэ талаар мэдээлэхдээ “Хуучин Дайны яам гэдэг нэртэй байх үед бид итгэмээргүй ялалтын түүхийг бүтээсэн. Тэгээд дараа нь Батлан хамгаалахын яам болгон өөрчилсөн юм” гэжээ.
Харин Пит Хегсэт энэ талаар хэлэхдээ “Бид дэлхийн нэг, хоёрдугаар дайнд ялахдаа Батлан хамгаалахын яам биш Дайны яам байсан. Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн бид зөвхөн хамгаалдаггүй, бид довтолдог. Бид яамандаа дайчин ёс зүйг сэргээж байна. Дайснаа хэрхэхийг мэддэг дайчин бидэнд хэрэгтэй. Бид эцэс төгсгөлгүй гэнэтийн нөхцөл байдалд орж, хамгаалалт хийж тоглохыг хүсэхгүй байна. Үг, нэр, цол бүрийг чухал гэж бид боддог. Иймд энэ асуудлаар Цагаан ордон болон ерөнхийлөгчтэй хамтран ажилласан” гэсэн юм.
АНУ-ын Батлан хамгаалах яам 1949 оныг хүртэл Дайны яам гэсэн нэртэй байв. 1947 оны Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд оруулсан томоохон шинэчлэлийн дагуу нэрийг нь Батлан хамгаалах яам болгон өөрчилсөн.
ЭХ СУРВАЛЖ: FOX NEWS