улс төр

Л.Гантөмөр: Аль ч тохиолдолд АН засагтай хамтрахгүй

Ардчилсан намын дарга, Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Хамтарсан Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх тухай тогтоолын төслийг Засгийн газрын сайд нар 100 хувь дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллооЗасгийн газраас хөөгдчихөөд ахиад хамтрая гэж байгаа юм шиг харагдаад байна?

-МАН-ын бүлэг хуралдаад АН-ыг Засгийн газраас гаргая гэж ярьсан. МАН-ын Бага хурлаас шийдвэр нь гарсан. АН Засгийн газарт ажиллах тухай яриа байхгүй. Одоо нэгдүгээрт, Ерөнхий сайд АН-ын найман сайдыг огцруулаад соль. Эс бөгөөс бид  өргөдлөө өгнө. Харин Ерөнхий сайд “Би УИХ-д хандана“ гэж байгаа. Ерөнхий сайдыг УИХ-аас томилсон. Тэгэхээр УИХ дээр Ерөнхий сайдын асуудал яригдахаас хамтарсан Засгийн газрын асуудал яригдахгүй.

-АН-ын найман сайд шууд ажлаа өгье гэж болдоггүй юм уу. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар үүсээд байгаа энэ асуудалтай холбоотойгоор яг юу яригдсан юм бэ?

-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол төрийн үйл хэрэг нэг минут ч гэсэн гацаж болохгүй. Өнөөдрийн үүрэгтэй сайд нар ажлаа хийж байгаа. Нийгэмд байгаа хүлээлт юу вэ гэвэл МАН-ын Бага хурлаас АН-ыг Засгаас гарга гэдэг шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн дараа МАН, АН, ХҮН намын дарга нар хоёр гурван удаа уулзсан. АН энэ шийдвэрийг хүндэтгэлтэй хүлээж авна, эргэлзээ тээнэгэлзээ байхгүй. Ерөнхий сайд та шийдвэрээ гарга гэдгээ л хэлсэн.

Сая засгийн хурал дээр Ерөнхий сайд ямар шийдвэр гаргах гэж байгаа тухайгаа  ярилаа. Хоёр сонголт байна. Нэгдүгээрт, өргөдлөө өгөх, хоёрдугаарт итгэл үзүүлэх эсэх. Энэ нь Үндсэн хуулийн хүрээнд шийдэгдэнэ.

Түүнээс биш Ерөнхий сайд огцрох, огцрохгүй байх тухай асуудал тусдаа шүү. УИХ-ын 126 гишүүн хуралдаад шийдвэрээ гаргана. Нөгөө асуудал нь АН Засгийн газарт байхгүй гэдэг асуудал дээр цэг тавьсан. МАН-ын зүгээс АН-ыг энэ Засгийн газарт  ажилла гэж урилга өгсөн, урилгын дагуу орсон.Гэвч сая Бага хурлаараа АН-ыг хамтарсан Засгийн газарт ажиллуулахгүй гээд шийдвэр гаргасан. Тийм учраас УИХ дахь АН-ын бүлэг дээр Ерөнхий сайдыг орж ирж нөхцөл байдал юу болсон юм бэ, яагаад Бага хурлаас АН-ыг хамтарсан Засгийн газраас гаргахаар шийдвэрлэсэн  тухай дэлгэрэнгүй яриарай гэсэн.

Хоёрдугаарт, хоёр юмыг ялгаад харчихая. Хамтрал байхгүй, эргэлзээд хэрэггүй. Ерөнхий сайд бид нарыг Засгаас гаргах, эсхүл бид өргөдлөө өгөх. Энийгээ л Ерөнхий сайдтай ярьж байгаа юм. Хэрвээ Ерөнхий сайд бид нарын өргөдлийг хүлээж авахгүй, эсхүл бид наймыг Засгаас гаргахгүй гэвэл өөрийнхөө асуудлыг УИХ-д оруулна гэж байгаа юм. Тэр оруулах хэлбэрээ сая санал солилцсон төдий. Одоо би уулзалт хийхээр явж байна.

-Найман сайд өргөдлөө өгөхгүй юм уу. Танай найман сайд Ерөнхий сайдын үгээр тогтоол оруулах нь ээ гэдэг хүлээлттэй байх шаардлага байгаа юм уу.

-Бид нар хамтрахдаа тал талаас нь ярилцаж байгаад хамтарсан. Энд Монголын парламентын хувь заяаны тухай яригдаж байна. Монгол Улс цаашид парламентын засаглалаа бэхжүүлэхийн төлөө хийх зөв шийдвэрүүд нь юу байх юм бэ. Магадгүй олон сонгуулийн дараа 2028 онд ч хамтарсан Засгийн газар дахиад байгуулагдах тухай яригдана. Шууд гүйгээд орчихдог, эс бол шууд хаалга хаачихдаг байх юм уу.  Процесс нь зөв байх ёстой. Эцсийн эцэст Ерөнхий сайдын тухайд, Монголын ард түмнээс мандат авсан 126 хүн шийдвэрээ гаргаг. Бүх хуулиараа ийм л зохицуулалттай.

-Ямар ч шийдвэр гарсан Засгийн газарт Ардчилсан нам хамтрахгүй гэж ойлголоо?

-Засгийн газар бол алх цохих тухай л ойлголт. Засгийн газар байх, байхгүй тухай УИХ дээр шийддэг юм биш. Ерөнхий сайдыг УИХ-аас томилдог. Засгийн газар тогтоол оруулахгүй. Ерөнхий сайд өөрөө асуудлаа оруулна, хэлбэр нь ямар байх вэ гэдэг тусдаа асуудал. АН-ын сайд нарын тухайд ажлаа хийж байгаад дараагийн Засгийн газар байгуулагдахад гарчихна.

-Ерөнхий сайдад УИХ итгэл үзүүлсэн ч АН засгаас гарах юм байна гэж ойлголоо, зөв үү?

-Зөв.

-Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудал парламентад орж ирэхэд танай бүлэг Л.Оюун-Эрдэнэ сайдыг дэмжих үү?

-АН-ын хоёр гурван гишүүн салж “тоглолт” хийгээд хэл аманд орлоо ш дээ. Цаашид салж “тоглодог”  зүйл АН-д байх ёсгүй шүү гэдэг зүйлийг л ярьлаа.

-Одоо тэгээд Ерөнхий сайд ямар агуулгаар УИХ-д хандана гэсэн үг вэ?

-Засгийн газрыг байгуулах, унагах асуудлыг УИХ ярьдаггүй, Ерөнхий сайдыг томилох, чөлөөлөх асуудлыг л ярьдаг. Ерөнхий сайд өөрөө УИХ-д хандаж байгаагаа “Хамтарсан Засгийн газар гэдэг миний итгэл үнэмшил юм. Тийм учраас ард түмний төлөөлөл болсон УИХ-даа асуудлыг тавьж шийдвэрээ авна” гэж тайлбарласан. Бидний тухайд МАН-ын Бага хурлын шийдвэрийн дагуу хамтарсан Засгийн газарт, Үндэсний бодлогын хорооныхоо шийдвэрээр хамтарсан. Түүнээс биш хоёр гурван хүн яриад хамтарсан Засгийн газарт ордог, хоёр гурван хүн яриад хамтарсан Засгийн газраас гардаг асуудал биш шүү.

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *