УИХ-ын гишүүн Ж.Галбадрах нүүр номдоо дараах тайлбарыг нийтэлжээ. Өнгөрсөн сарын 25-нд Улсын их хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл, Д.Бум-очир нар Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулах шаардлага тавьсан. Учир нь улсын төсвийн 1.2 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлсэн ажлын хөрөнгийг өөрийн ТББ-ын дансанд авсан тул авлига, ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй гэсэн юм.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Галбадрах дараах тайлбарыг өгөв.
-Намайг нэг сургуулиас 10 сая төгрөгийн зардал авч, 120 сургуульд 1.2 тэрбум төгрөгөөр төсөл хэрэгжүүлж, улсын мөнгө идлээ гэж шуугицгааж байна. Бохир улстөрчид хүнийг цөхөрч, шантартал, зохион байгуулалттай гүтгэж дайрдаг юм байна. Тийм учраас “мөнгө идсэн” гэх түүхээ зургаан цувралаар бичиж үлдээе.
Намайг хүмүүс “Шинэ Монголын Галаа багш” гэнэ. Учир нь Шинэ Монгол сургуулийг хүн болгон мэднэ. Хүүхдээ оруулахыг хүснэ. Төгсөгчид нь өндөр боловсрол олж, салбар болгондоо манлайлж ажиллаж байгаа учраас тэр. Сайн багштай учирвал аз, саар багштай учирвал хохь болдог. Ийм учраас багшийн чадварыг сайжруулахгүй бол сургууль үр дүнтэй байж чадахгүй.
Энэ постны дор Шинэ монгол нэртэй сургуульд минь сурч буй сурагчид, төгсөгчид, тэдний эцэг эхчүүд, аль ангийн сурагч, эсвэл хэдэн онд төгссөн, дараа нь ямар их сургуульд сурсан, одоо ямар ажил хийж буй зэргээ коммэнт бичиж, түүнийгээ пост болгон шэйрлэбэл их баярлах болно. Та бүхнээсээ дэмжлэг хүсэхгүй бол олон тролууд, хөлсний бичээч нартай тэмцэж чадахгүй нь, уучлаарай…
Цуврал Нэг. Төсөл эхлүүлэх болсон “шалтгаан”
2020 он. Тэр жил Шинэ монгол сургуулийн маань 20 жилийн ой тохиох тул ойдоо хэрхэн бэлэг барих тухайгаа бодож суусан үе. 2000 онд ахлах сургуулиа байгуулснаас хойш маш их зовлон бэрхшээлийг туулж тасралтгүй зүтгэж өдий хүрсэнээ цэгнэн бодож суулаа.
Ихэнх хүн ойнхоо үеэр том хурал, хүлээн авалт боддог байх. Харин надад ойдоо зориулж бүтээлч ажил хийх, бүр тодруулбал, төрийн өмчийн хэдэн сургуульд өөрийн туршлагаа нээлттэй хуваалцаж, ойдоо бэлэг барья гэсэн санаа төрсөн юм.
Ингээд нийслэл, дүүрэг болон орон нутгийн Боловсролын газруудтай холбоо барьж, энэ төсөлд оролцох сургууль байвал зар хүргэж өгөхийг хүслээ. Цөөхөн сургууль ирэх болов уу? Бараг бөглөхгүй ч байхдаа хэмээн бодож байлаа. Тэгтэл 117 сургууль гүүгл форумын анкет бөглөөд ороод ирэв.
Баярлаад панект орсон би хэдийг нь сонгохоо мэдэхгүй сандарч байсан. Нэг хувь хүний чадах хамгийн дээд боломжоо шавхаад найман сургууль сонгохоор шийдэв. Ингэж төслийн 1-р үе шат эхэлсэн юм даа. Энэ тухай дараагийн цувралд бичих болно.
Би яагаад энэ төслийг эхлүүлэх болсноо тайлбарлая. Би шавь нартаа нэг үгийг үргэлж хэлдэг юм. “Миний шавь нар амжилтын эзэн болж, ирээдүйд Монгол Улсыг нуруундаа үүрч явах торгон цэргүүд болоорой. Улсын хөгжил бол хүний хөгжил, Хүний хөгжил бол чанартай боловсролоос хамаардаг. Шинэ Монгол та нарт чанартай боловсрол олгосон. Та хэд ирээдүйд улсаа хөгжүүлж ачийг нь хариулах учиртай шүү” хэмээн захина. Миний төгсөгчид багшийнхаа захиасыг маш сайн биелүүлж байгаа. Тэдний зарим нь Монголын бахархал болоод эхэлсэн.
Би анх 2000 онд ахлах сургууль байгуулснаас хойш, бүрэн дунд сургууль болгон хөгжүүлж, техникийн коллеж, технологийн дээд сургууль болон Шинэ монгол Харүмафүжи сургуулиар эгнээгээ өргөтгөж, дангаар болон бусадтай хамтран үүсгэн байгуулсан хүн. Эдгээр сургуулийн аль нь ч чанараа алдаагүй сайн сургалт явуулж байгааг сурагч, оюутан, төгсөгчид хэлэх байх.
Ойгоо тэмдэглэх гээд бодоод сууж байхдаа “Би ер нь юу чаддаг хүн бэ” гэдгээ өөрөөсөө асуув. “Атлантын нуруу тэнийв” номд гардагчлан хов хоосон газар очсон ч, тэнд сургууль байгуулах чадвар надад байж магадгүй юм гэсэн этгээд бодол төрсөн юм. Үнэхээр өөрийгөө сориод үзмээр санагдав.
Үйл ажиллагаагаа явуулж буй төрийн сургууль дээр зорьж очоод, зааж зөвлөөд, туршлагаа хуваалцаад явбал тэр сургуулийг өөрчилж чадах ч юм шиг бодогдож билээ. Үнэхээр тийм боломж байгаа болов уу?
Энэ бодлоос үүдэн “Төрийн өмчийн ЕБС-ийн менежментийг сайжруулах” төслөө эхлүүлсэн учиртай. Би төгсөгчдөдөө эх орондоо ач хариулаарай гэж хэлдэгчлэн энэ төсөл бол миний хувьд ч гэсэн би өөрөө улс орондоо ачийг нь хариулж буй нэг илэрхийлэл болно гэж бодсон.
Би Японд сурсан хүн. Японы хөгжлийн нууц боловсролдоо байдгийг мэдэж авч Монголынхоо боловсролыг тийм болгож, Монголоо хөгжүүлэх мөрөөдлөөр анх сургууль байгуулж энэ бүхнийг хийж ирсэн. Японы боловсролын хамгийн гол онцлог бол “зөв хандлагатай, ёс зүйтэй иргэд” гаргадаг.
Шинэ монгол нэртэй манай сургуулиудыг хүмүүс өрсөлдөн сонгодгийн учир нь бид сурагчдаа зөв сайн хүүхэд болгон төгсгөж чадаж байгаа учраас тэр. Би 20 гаруй жил сургуулиудаа удирдахдаа чамгүй туршлага хуримтлуулжээ. Япон боловсролыг монголд өвөрмөц байдлаар нутагшуулж чадсан гэж хэлж болно. Би өөрийн бүтээсэн тэр мэдлэг туршлага, оюуны өмч, патентаа үнэ төлбөргүй нээлттэйгээр төрийн өмчийн сургуулиудад өгье гээд байгаа юм.
Өөрөөр хэлбэл Монголын нийтийн боловсролын хөгжилд оруулж чадах миний хувь нэмэр бол энэ. Үүний төлөө бүх зүйлээ зориулах болно. Одоо төсөлтэй холбоотой мэргэжлийн яриа руу орьё. Ер нь сургуулийн менежмент гэж яг юуг хэлээд байна вэ. Яагаад чухал юм бэ. Менежмент сайжрахаар юу өөрчлөгддөг вэ? Шинэ Монголын менежмент бусдаас юугаараа давуу юм бэ зэргийг товчхон тайлбарлая.
Сургууль бол салангид бүтэцтэй байгууллага. Багш болгон нь тус тусдаа хичээл заадаг. “Миний хичээл бол миний хичээл, чиний хичээл бол чиний хичээл” гэдэг зарчмаар үйл ажиллагаа нь явагддаг. Хоорондоо хамааралгүй. Шат шатандаа хариуцлага тооцогддоггүй. Зөвхөн хувь хүний ур чадвар дээр тулгуурладаг. Үнэхээр сайн багштай учирвал аз, саар багштай учирвал хохь болдог. Ийм учраас багшийн чадварыг сайжруулахгүй бол сургууль үр дүнтэй байж чадахгүй.
Сургууль бол зөвхөн хичээл зааж, хүүхдийг мэдлэгээр дүүргэдэг газар биш байх ёстой. Хичээлээс гадуурх ажлыг маш сайн зохион байгуулж, хүүхдэд зүрх сэтгэлийн боловсрол олгох амьдрах ухааны хөтөлбөр хэрэгжүүлэх ёстой. Сургуульд эерэг соёл бүрдүүлбэл сурагчдын сахилга хариуцлага сайжирна. Эцэг эхтэйгээ нээлттэй хамтарч ажиллах, төгсөгчидтэйгээ эргэх холбоо сайтай байх зэрэг нь бүгд л сургуулийн менежментийн шийдэх асуудал юм.
Одоогоор 188 сургуульд хамтран ажиллаж, нэвтрүүлэхийг зорьсон. Эхнээсээ сайн үр дүнгүүд гараад өөрчлөгдөөд эхэлсэн. Өөрөөр хэлбэл, менежментэд бүх зүйл зангилагддаг. Ийм учраас л сургуулиуд менежментээ сайжруулах шаардлагатай. Энэ бүгдийг хэрхэн сургуульдаа нэвтрүүлэх вэ? гэдэг нь хэн дуртай хүн нь амархан хийчихдэг ажил бас биш. Тусгай жортой, аргачлалтай. Сайн сургуулийг, үр дүнтэй сургуулийг хэрхэн бий болгох вэ? гэдгийг энэ олон жилийн туршлагаараа миний бие сайн мэднэ.
Ийм учраас өөрөө гардаж боловсруулсан Шинэ Монголынхоо энэ жорыг төрийн сургуульд оюуны өмчийн төлбөргүй, үнэ төлбөргүй өгье гээд байгаа юм. Одоогоор 188 сургуульд хамтран ажиллаж, нэвтрүүлэхийг зорьсон. Эхнээсээ сайн үр дүнгүүд гараад өөрчлөгдөөд эхэлсэн. Хэдэн сургууль хамрагдсан, яаж ажилласан, юу өөрчлөгдсөн, ямар үр дүн гарсан зэргийг дараа дараагийн цувралд бичнэ. Өдөр бүр нэг нийтлэл оруулах болно.
Эцэст нь ийм төслийг яагаад хийж болохгүй гэж? Монголын хөгжилд энэ хэрэггүй гэж үү? Намайг үүнийг эхлүүлсний төлөө их хурлын гишүүнээс эргүүлэн татуулах компанит ажил эхлүүлснээ зарим гишүүд зарлав.
Намайг төслөө сонгох уу, гишүүнээ сонгох уу гэвэл би төслөө сонгоно.