эдийн засаг

БҮЛЭГЛЭЛҮҮДИЙН СӨРГӨЛДӨӨН БА ЗАСГИЙН ГАЗРЫН ХУВЬ ЗАЯА

Хөлсний ба бүлэглэлийн улс төр

Нэгэн гэр бүлийнхний харамсалтай үхэл, нэгэн залуугийн өрөвдөм өнчрөл монголчууд бидний элгийг эмтлэв. Амьдрал гэдэг жаргал, зовлон ээлжилсэн тавилангийн зураг байдаг. Цэрэг залуу цаашдаа хүний амьдралын жамаар гашуудал, өнчрөлөө даван гарч гэр бүл зохиож, хань бүл, үр хүүхэдтэй болж амьдралаа зохиох болно.

Харин бид энэ залуугийн өнчрөл, гашуудлыг улс төр болгож чадлаа. Золгүй явдлыг олны дүйвээн болгож, Засгийн газар огцрох шалтгаан болгон хувиргав.

Өнөөгийн улс төрийг практик арга зүйн үүднээс БОДЛОГЫН, БҮЛЭГЛЭЛИЙН, ТЭМЦЛИЙН, ХӨЛСНИЙ улс төр хэмээн ангилдаг. Монголын улс төрийн практикын үнэн дүр төрх ийм. Бүлэглэлийн улс төр нь БОДЛОГЫН улс төрөө, ХӨЛСНИЙ улс төр нь ТЭМЦЛИЙН улс төрдөө дарангуйлагдан он жилүүдийг өнгөрөөж байна. Эдийн засаг, нийгмийн асуудлын шийдэлд баримжаалсан үзэл баримтлалд суурилсан улс төрийг БОДЛОГЫН улс төр гэдэг бол БҮЛЭГЛЭЛИЙН улс төр гэж санхүү, бизнесийн бүлэглэлүүд харьяаллын улстөрчдөөрөө дамжуулан эрх мэдлийн мэдлийн төлөө тэмцэлдэхийг хэлдэг. Харин тэмцлийн улс төр гэж парламентын гаднах сөрөг хүчнийг хэлдэг бол хөлсний улс төр гэдэг захиалгат акцийн гүйцэтгэгчид юм. Хөлсний улс төр ордон дотор ч , ордны гадна ч өрнөдөг гэдгийг бид мэдэх болсон.

ГАРЫН ҮСГИЙН АКЦИ

Цэрэг хүүгийн гэр бүл угаартан сүйрсэн талаарх мэдээлэл нийгэмд цацагдахтай зэрэгцэн УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу гишүүн Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-д оруулахад шаардагдах 32 гишүүний гарын үсэг цуглуулж эхэлснээ мэдэгдэв.

Уг мэдэгдлийн утга нь утаа, угаарын асуудлаар тулгуур хийсэн боловч цаг хугацааны хувьд далд цаанаа өөр асуудалтай холбогдож байгааг бид анзаарах учиртай. Уг далд асуудал нь нэгдүгээрт Гашуун сухайтын Төмөр замын холболтын БНХАУ, Монгол Улсын Засгийн газар хоорондын гэрээг үзэглэх арга хэмжээ, хоёрдугаарт 14 стратегийн ордын 34-өөс 51 хувийг баялгийн санд төвлөрүүлэх ажил юм.

Ухаа худаг, цагаан суварга тэргүүтэй стратегийн ордуудыг эзэмшигч МСS, МАК зэрэг компаниуд өдгөө засгийн эрхээс шахагдан гарсан МАН-ын ахмад үеийг санхүүжүүлж ирсэн нь нууц биш. Одоо Л.Оюун-Эрдэнэ, Л.Амарбаясгалан нарын тэргүүлсэн алуу МАН энэ санхүүжилтээс татгалзсан нь бас үнэн.

Тэгвэл залуу МАН-ын бүлэглэл санхүүгийн хувьд ямар эх үүсвэрт тулгуурлах вэ. Таван толгой дахь Бор тээгийн орд уу. Халзан бүрэгтэйн газрын ховор элементийн орд уу гэх мэт олон асуудлууд ирэх жилүүдэд биднийг хүлээж байна.

Энэ бүгдээс харахад Монгол төрийн эрх мэдэлд үе шилжилт буюу генерацын үйл явц засгаас шахагдсан ахмад МАН-ын санхүүжүүлэгч бүлэглэл, залуу МАН-ын бүлэглэлийн хоорондох хурцадсан сөргөлдөөнөөр үргнлжилж байна.

Сөргөлдөөн залуу МАН-ын давамгайллаар өндөрлөх үү. Ашиг сонирхлын хил хязгаараа тохиролцсон зөвшилцөлд хүрэх үү гэдгийг монголчууд бид ирэх хавар харах болно!!!

Чонос О.Ганзориг

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *