2024 оны байдлаар төрийн 4276 байгууллагад 226895 төрийн албан хаагч ажиллаж байгааг Үндэсний статистикийн газраас гаргажээ. Төрийн албан хаагчдын хамгийн их буюу 51 хувь нь Улаанбаатар хотод ажилладаг байна. Гүйцэтгэх эрх мэдэл буюу Засгийн газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн захиргааны төв байгууллага, түүний харьяа байгууллагад нийт төрийн албан хаагчдын 67 хувь нь ажиллаж байгаагаас харахад төр үнэхээр данхар толгойтой болсныг илтгэж байгаа юм.
Чиг үүрэг нь давхцсан олон газар байгуулагдаж, олон дарга томилогдож, товчхондоо ялсан намын бялууны үртсийг хүртэгсэд цөөнгүй бий. Тухайлбал, Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ хэмээх авто зам, замын байгууламжийн барилга засварын ажлын чанар, аюулүй байдал, авто зам гүүрийн зураг төслийг гаргах мэргэшсэн байгууллага байсаар байхад нийслэл дахиад өөрийн гэсэн замын “вант” улстай болж, туурга тусгаарласан нь Нийслэлийн замын хөгжлийн газар гэх газар. Энэ газрыг дагаад бүхэл бүтэн алба, хэлтэс байгуулагдаж, тэр хэрээр төр данхайж, төсөв томорч байгаа юм. Гэхдээ хамгийн ноцтой нь, энэ газар байгуулагдах шаардлага үүссэн байж болох ч төрийн жинхэнэ албан хаагчид ирж буй эсэх нь эргэлзээтэй. Ганц жишээ баримтаар өгүүлье.
Төрийн албан тухай хуульд зааснаар, төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоо гарсан өдрөөс хойш энэ тухай мэдээллийг долоо хоногт, сонгон шалгаруулах захиалгыг 21 хоногт багтаан төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлнэ гэж заасан байхад Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар өмнөх дарга Г.Баярсайханыг халсан даруйдаа Б.Одбаярыг шууд томилсон нь Төрийн албаны тухай хуулийг ноцтой зөрчиж байгаа юм. Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаярын албан тушаал “эрхэлсэн түшмэл”-ийн дэвд хамаарна. Гэтэл энэ албан тушаалд төрийн албанд 12-оос доошгүй жил ажилласан тохиолдолд эрхэлсэн түшмэлийн зэрэг дэвд тэнцэх албан тушаалд очих журамтай. Харин тэрээр хуруу гараа оролцуулж тоолоод ч эрхэлсэн түшмэл байтугай ахлах түшмэлээр ажиллах найман жилийн хугацаанд хүрэхгүй байхад шууд томилсон нь хачирхалтай.