нэр төр

С.ИЧИНХОРЛОО: Дурлаж сонирхсон мэргэжлээрээ ажиллаж байгаа учраас ажлаа жаргаж хийдэг

Өмгөөллийн салбарт жавхаа нэмж яваа залуу өмгөөлөгч “Алтаргана” хууль зүй товчооны хуульч, өмгөөлөгч С.Ичинхорлоотой ярилцлаа. Оюутан байх  үеэсээ хуулийн мэргэжлийг эргэлт буцалтгүйгээр сонгож амжилтын үүд хаалга, өөртөө итгэх итгэлээр жигүүрлэн яваа тэд  “Алтаргана” хуулийн фирмийнхээ хүрээнд хууль сурталчлан таниулах ажлыг олонтаа зохион байгуулж иргэдэд хүргэснээр иргэдийнхээ талархлыг олонтаа хүлээж байгаа билээ. Хаанаасаа хаа хүрэхээ хэдийнэ тодорхойлж, тооцоолж, гэрэлт ирээдүйнхээ сайн сайхныг ажил мэргэжлээрээ тодотгож байгаа залуус тус багт ажиллаж байгаа нь бахдалтай  гэдгийг  энэ ташрамд хэлэх хэрэгтэй.

-Хоёулаа яриагаа таны өмгөөллийн замналаас эхэлье?

-2017 онд буюу оюутан байхдаа “Монгол өмгөөлөгч” хуулийн фирмд дадлага хийж өмгөөллийн салбартай анх танилцаж  байлаа. Эндээсээ өмгөөлөгч болоод ямар чиглэлээр ажиллах вэ гэдгээ ч давхар сонгож, хүсэл сонирхлынхоо дагуу маш гоё өмгөөлөгчидтэй танилцаад бүр ч ихээр урамшсан даа. Удалгүй дадлагаа амжилттай дуусаад, сургуулиа төгсөөд  Ц.Жавхлантөгс өмгөөлөгчийн туслахаар ажиллаж  маш олон зүйлийг зааж зөвлөж, ихийг сурч мэдсэндээ одоо ч баярлаж явдаг. Тэр цагаас өмгөөллийн салбартайгаа тасралтгүй холбогдож, найм дахь жилдээ буюу тодруулбал, “Алтаргана” хуулийн товчоонд ахлах өмгөөлөгчөөр ажиллаж байна.

-Өмгөөлөгч хүмүүсийг нийгмийн үлгэр дууриал гэдэг. Иймд таныхаар өмгөөлөгч гэдэг хүн хувь хүнийхээ хувьд ямар байх ёстой гэж боддог вэ?

-Өмгөөлөгч гэдэг үүднээс таньдаг бүхий л хүмүүс маань ямар нэгэн байдлаар харилцаж ханддаг. Энэ хүрээнд тухайн хүмүүст хэрхэн яаж туслах вэ, зөв гарц гаргалгааг нь  гаргах ямар боломж байна вэ гэдгийг хурдан шуурхай гаргаж өгөөд  боломжтой нөхцөлд хамтарч ажиллаад явдаг. Энэхүү дэвшилттэй аргад  сурахын тулд маш олон шүүхийн шийдвэр хэрэг маргаанд оролцож ахмад өмгөөлөгчдөөсөө асууж лавлан, зөвлөгөө авч мэдээллийг цуглуулсны үндсэн дээр тухайн байж болох хамгийн зөв гаргалгааг нь гаргаад түүндээ тууштайгаар ажиллахыг чин зорилгоо болгож  явдаг даа.  

-Нийгмийн зүгээс өмгөөлөгчдөд  ямар байр сууринаас ханддаг вэ?

-Нэг үеэ бодвол өмгөөлөгч хэрэгтэй юм байна, зөвлөгөө авч байх ёстой юм байна гэдгийг ойлгож эхэлж байгаа нь сайшаалтай санагддаг. Гэвч энэ бүгдийг тэр болгон мэддэггүй учраас манай “Алтаргана” хуулийн товчоо энэ тал дээр анхааруулж сэрэмжлүүлэг болгох үүднээс контент хийгээд иргэддээ үнэ төлбөргүй мэдээлэл өгч, рийл бичлэгээр хүргэснээр  хуульч өмгөөлөгч гэдэг бидний амьдралд хэрэгтэй юм байна гэсэн ойлголт төрж байгаа болов уу гэж үзэж байгаа. Иймд үйлчлүүлэгч болон үйлчлүүлэгч болохоор зорьж  ирж байгаа хүмүүсээс залуу хүн сайн ажиллаж чадах болов уу гэсэн эргэлзээ буюу насаараа дутуу үнэлэгдэж байгаа мэт сэтгэгдэл төрж байгаа мэт ойлголт ажиглагддаг юм.

-Залуу хүмүүс зорилго тэмүүлэл, хүсэл мөрөөдлөөр дүүрэн. Түүнд хүрэхийн тулд  өөрийгөө хэрхэн сорьж хөгжүүлсээр  яваа бол?

-Эмэгтэй залуу  хуульч өмгөөлөгчийн хувьд хүнд хэргийн маргаанаас айж эмээх асуудал байдгийг нуугаад яахав. Эрүүгийн өмгөөлөгчид ихэнхдээ цагдаа, прокурор зэрэг эрэгтэй хүмүүстэй ажилладаг.  Гэвч энэ тал дээр хийх ёстой ажлуудаа  хийгээд явж байгаа учраас харьцангүй боломжийн гэж үздэг. Тийм учраас хувь хүнийхээ хувьд бага гэж чамлалгүй өөрийгөө нээж  сурч мэдсэн зүйлээсээ бусдад таниулъя, хуулийг суртачилъя, хуулиа мэдэхгүйгээс болж хүмүүс ямар эрсдэлд ороод байна вэ, тэр дундаа  ЕБС-ийн хүүхдүүдэд анхнаас нь мэдлэг мэдээлэл олгоё гэсэн зорилгоор зөвлөн тусалж , мэдээлэл түгээхийг хичээж явна. Учир нь, өсвөр насны хүүхдүүдийн дунд маш их гэмт хэргийн холбогдогч, хохирогч болж улмаар хорих ял авч байгаад маш их сэтгэл өвдөж, эмзэглэдэг.   

-Насанд хүрэгчид ч мөн эрх зүйн боловсрол дутмагаасаа болж боломжоо алдах тохиолдол их  байдаг шүү дээ?

– Тийм шүү, тухайлбал, хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан учраас авах ёстой зүйл, нэхэмжлэх ёстой зүйлээ шийдүүлж чадахгүй асуудал маш их гардаг. Энэ мэдлэгийг бид “Page” хуудасны бичлэгэрээ дамжуулан мэдээлэл өгдөг юм.

 -Хоёулаа нэлээд ажил ярилаа, ярианы сэдвээ жаахан  өөрчлөөд асуухад, хамгийн их баярлаж догдолсон мөчөөсөө хуваалцахгүй юу?

– Юуны өмнө дурлаж сонирхсон мэргэжлээрээ ажиллаж байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй. Оюутан байхдаа, сургуулиа төгсөөд ч шүүхийн шийдвэрүүдийг уншаад өсвөр насны хүүхдүүдийн холбогдоод байгаа хүчингийн гэх мэт хэргүүдийг уншаад судлаад байхаар өөрөө ч бас эмзэг болдог юм билээ. Энэ талаар ах дүү нарынхаа хүүхдүүд, ах эгч нартаа хүчингийн хэргийн хохирогч нь ойр дотных нь хүмүүс байдаг талаар  сэрэмжлүүлж хэлж зөвлөж тайлбарлахыг эрмэлзэж явдаг. Гэвч миний дүү нараар хязгаарлагдахгүй бусад хүмүүсийн хувьд ч мэдэх ёстой зүйл учраас манай Б.Агар-эрдэнэ захирал гадагшаа чиглэсэн ажлууд их хийдэг тул ЕБС-иуд  10-н жилийн хүүхдүүдэд энэ талаар зөвлөгөө мэдээлэл өгч байх үед их баярлаж догдолж байсан. Учир нь нэгэн үед хүсэл мөрөөдөл болж  байсан хуулийн чиглэлээр багшлах юмсан гэдэг нууцхан хүсэл төрдгийг нуух юун. Хүүхдүүдэд өөрийн зүгээс мэдээллэх, сэрэмжлүүлэх, зааж сургахыг хүсдэг зүйлээ ярьж байхдаа уйлж байсан удаатай.

Сэтгүүлч Д.НЭРГҮЙ

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *