С.БАЯР: Сайн бүхнийг өөрийн нэрэмжит, муу болгоныг бусдын ул мөр болгон харуулах гэж тувт зүтгэх нь Н.Энхбаяр таны хийсэн ажил, олсон оноог үгүйсгэн харлуулж байгааг анхаарна биз ээ
Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баяр нүүр номоороо дамжуулан Монгол Улсын Ерөнхйилөгч асан Н.Энхбаярт дараахь үгийг дайжээ. Тэрбээр
“Хөдөө яваад ирэх зуур Н. Энхбаяр “Хамтарсан Засгийн газар ба СБ-ын алдаа” гэх сэдвээр ТВ9-рөө хэд хэд ярьж, намайгаа дахин санагалзаж. Н. Энхбаяр алдаа оноо ярихаас гадна “улс төр хариуцлага, ёс зүй, “Их өр”, 7 сарын 1, Ухаа худаг, Рио Тинто” гэх мэт сэдвээ тэлж, том том дүгнэлт хийсэн тул хариу барихад хүргэв. Ажил хийсэн бусдын адил надад алдаа олон бий. Тэднээс товч дурдахад:
- Хамтарсан ЗГ байгуулах нь хууль зөрчсөн гэмт үйлдэл биш. Ийм Засгийн газрын гол хэмжүүр нь ажлын үр дүн. 2008, 2024 онд байгуулагдсан Засгийн газрууд нь богино хугацаанд бодит үр дүнд хүрч чадсан, чадаж буйг үгүйсгэх аргагүй. Харин илүү ихийг хийж чадаагүй нь миний алдаа.
- Н. Энхбаяр маань удирдсан намынхаа УИХ-ын суудлыг 72-оос 37 болгосон. Тэгсэн атлаа албан тушаал ахин УИХ-ын дарга болж, дараа жил нь Ерөнхийлөгч болох гэж зүтгэсэн. Улс төр хариуцлага, ёс зүйг умартахад нь дуугүй сууж, дээш зүтгэхэд нь тусалсан нь миний алдаа.
- “Их өр” дарсан нь Н. Энхбаярын оноо. Харин үүнийгээ дагуулан Фридландад олон лиценз өгсөн нь Рио Тинто, Онтре гэх гадны компани лиценз наймаалцах боломж олгох гэх мэт олон бэрхшээл үүсгэсэн. Ерөнхий сайд байхдаа үүний учрыг олоогүй нь миний алдаа.
- “7 сарын 1” үед Н. Энхбаяр бид хоёр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байсан. Гарч байсан шийдвэрийн алдаа, “онц байдал” тогтоож аюулыг даамжруулаагүйн оноог бид хоёр адил хуваалцах нь ёс зүй, улс төр хариуцлага талаасаа зөв болох биз.
- Ухаа худгийн хувьд гэвэл “асуудлыг хэлэлцээрийн аргаар шийдэх ёстой” гэдэг дээр Н. Энхбаяр бид хоёр ижил байр суурьтай байсан. Эцэстээ 96:4 гэдэг дээр тогтсон нь хэн нэгний алдаа, оноо гэхээсээ хэлэлцээрийн үр дүн л юм.
6. Н. Энхбаяр та бид хоёр хийдгээ хийж, сайн муу мөрөө үлдээв. Гэтэл сайн бүхнийг өөрийн нэрэмжит, муу болгоныг бусдын ул мөр болгон харуулах гэж тувт зүтгэх нь Н. Энхбаяр таны хийсэн ажил, олсон оноог үгүйсгэн харлуулж байгааг анхаарна биз ээ, журмын нөхөр минь” хэмээсэн байна.
youtu.be/zqnhBzrgvlw?si… via @YouTube