Өдийгөөс яг 17 жилийн өмнө… 2008 оны 7 дугаар сарын 1- нд нийслэл Улаанбаатар хотноо нийтийг хамарсан үймээн самуун дэгдэж, улсын болон албан байгууллага, хувь хүмүүсийн үлэмж хэмжээний эд хөрөнгө шатаж, хэдэн зуун хүн бэртэж гэмтэн, таван хүний амь үрэгдсэн эмгэнэлт хэрэг явдал болов. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тус улсын түүхэнд анх удаа нийслэл Улаанбаатар хотод онц байдал тогтоов.
Албан баримтат эл өдрийг ийн тэмдэгдэн үлдээжээ. 2008 оны долдугаар сарын 1-ний өдөр 2008 оны УИХ-ын сонгуулийн урьдчилсан үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй зарим нам, эвсэл /Иргэний эвсэл, Бүгд Найрамдах нам, Эрс шинэчлэл хөдөлгөөн зэрэг/ МАХН-ын байрны өмнө эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан нь хяналтаас гарч улмаар нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүслээ. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр зарлиг гаргаж нийслэл Улаанбаатар хотод дөрөв хоногийн онц байдал зарлалаа.
Цагдаа болон онцгой байдлын албаныхан эмх замбараагүй байдлыг хянан зохицуулж хүчрэхгүй байсан бөгөөд МАХН-ын байр бүрэн шатаж, улмаар тус байрны хойно орших Соёлын төв өргөөний зарим хэсэг, Уран зургийн галерей галд өртсөн байна. Монголын Үндэсний олон нийтийн телевизийн мэдээлснээр энэ үеэр таван хүн амиа алдаж, 200 гаруй хүн гэмтэж бэртжээ. Түүнчлэн цагдаагийн 100 гаруй албан хаагч гэмтснээс 10 гаруй хүний биеийн байдал хүнд байгаа аж. Өнөөдөр сонинд мэдээлсэнээр 4 автомашин шатжээ.
Ерөнхийлөгч Н.Энхбаяр 21 цагт Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулж, парламентад суудалтай намуудын удирдлагуудтай уулзсныхаа дараа шөнийн 00 цагийн орчимд онц байдал зарлаж, долдугаар сарын 2-ны өглөөний 4 цагийн гэхэд байдал хэвийн болж эхэлсэн гэж Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз /МҮОРТ/ мэдээлэв. Ерөнхийлөгчийн зарлигт дурдсны дагуу одоо Монголд зөвхөн МҮОРТ мэдээлэл хийж байгаа бөгөөд бусад телевизийн үйл ажиллагааг онцгой байдлыг цуцлах хүртэл зогсоосон байна.
Засгийн газрын тэргүүн С.Баяр өглөөний 5 цагт халдлагад өртсөн обьектуудын байдалтай газар дээр нь, түүнчлэн гэмтсэн хүмүүсийн биеийн байдалтай эмнэлэгт очиж танилцсныхаа дараа Засгийн газрын хуралдааныг зарлан хуралдуулж цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцээд УИХ-д оруулж танилцуулахаар болсон байна. УИХ завсарласан байсан тул яаралтай онц чуулган хуралдуулахаар мөн зарласан бөгөөд 14 цагаас эхлэх болов.
Онц байдал тогтоосон тул улсын онц чухал болон хүн амын амьжиргааны хангамжийн объектуудыг хүч нэмэгдүүлэн хамгаалалтад авчээ. Улаанбаатар хотын төв хэсэг буюу Бага тойрог орчмын газруудыг дотоодын цэргийн хамгаалалтад авсан бөгөөд 22-08 цагийн хооронд хөл хорио тогтоожээ. Хөл хориог зөрчсөн этгээдийг цагдаа буюу цэргийн эргүүл хөл хорих цаг дуустал иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиггүй бол хэн болохыг нь тогтоох хүртэл 72 цагаас илүүгүй хугацаагаар албадан саатуулж байв. УБ хотын төвийн хэсэгт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж, үзлэг хийх байлаа.
Хууль тогтоомж зөрчиж зохион байгуулсан жагсаал цуглаан олон нийтийн бусад арга хэмжээг хуульд заасан арга хүч хэрэгслээр шууд албадан тараах, хүч хэрэглэсэн үйл ажиллагаа явуулсан буюу явуулж байгаа бүлэг хүмүүсийг албадан саатуулах, тэдгээрийн зэвсэг, техник хэрэгслийг хураан авах, согтууруулах ундааны зүйл худалдах, тараахыг хориглов.
Нийслэлийн Засаг даргын дэргэдэх онцгой байдлын комиссын хуралдаан дээр Нийслэлийн Цагдаагийн газрын даргын хэлснээр бол жагсаалд 8-10 орчим мянган хүн оролцсон бөгөөд тэдний 2-3 мянга гаруй нь иргэдийг идэвхтэй турхирч байж. Харин цагдаагийн 700 орчим албан хаагч ажилласан гэж МҮОНТ мэдээлэв.
