Г.ЗАНДАНШАТАР: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэн, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулна
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын цаг үеийн ажлын талаар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлсэн мэдээллээс тоймлон хүргэе.
- 2024 оны байдлаар тус салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 31.7, экспортын орлогын 5.0 хувийг бүрдүүлж байгаа бол нийт ажиллах хүчний 45.3 хувь нь хөдөө аж ахуйн салбарт ажиллаж, орон нутгийн эдийн засгийн 85.0 хувийг эзэлж байна.
- Зөвхөн мал аж ахуйн салбарт 308.700 малчин ажиллаж, хөдөлмөрлөж байгаа нь хөдөлмөр эрхэлдэг дөрвөн хүн тутмын нэг болж байна.
- Мал тооллогын 2024 оны жилийн эцсийн дүнгээр улсын хэмжээнд 57.6 сая толгой мал тоологдсон бөгөөд 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 19.0 сая төл хүлээн авч, төл бойжилт 98.6 хувьтай байгаа бол бод малын төллөлт үргэлжилж байна.
- Урьдчилсан төлөвөөр энэ онд 20.0 орчим сая төл хүлээн авч, мал сүргийн тоо 77.6 сая, хонин толгойд шилжүүлснээр 110.0 сая толгойд хүрч, мал аж ахуйн салбарт өсөлт гарахаар байгаа хэдий ч бэлчээрийн даацаас 25.0 сая хонин толгойгоор хэтрэх төлөвтэй байна.
- Мал эмнэлгийн хаврын үйлчилгээ, арга хэмжээнд давхардсан тоогоор нийт 60.0 сая толгой мал хамруулахаас 58.4 сая толгой мал хамруулж, гүйцэтгэл 97.0 хувьтай байна.
- Гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад 46.2 сая толгой мал, шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх хаврын дархлаажуулалтад 4.2 сая толгой малыг хамруулж, гоц халдварт өвчний голомтын тоог 49.0 хувиар, халдварын гаралтыг өмнөх оны мөн үеийнхээс 98.0 хувиар бууруулсан үзүүлэлттэй байна.
- Энэ оны хаврын тариалалтыг нийт 650.1 мянган га-д хийхээр төлөвлөснөөс зургаадугаар сарын 19-ний байдлаар улсын хэмжээнд 479.5 мянган га-д тариалалт хийж, 74.0 хувийн гүйцэтгэлтэй байна.
- 2024 оны намрын ургацаас 40.5 мянган тонн хүнсний улаанбуудайг хүлээн авч, нийт 70.7 мянган тонн стратегийн нөөцийн хүнсний улаанбуудай, есөн сортын 5.5 мянган тонн үрийн улаанбуудайн нөөцийг тус тус бүрдүүллээ.
Хөргөлттэй агуулахын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор 13.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 200-500 тонн багтаамжтай төмс, хүнсний ногооны зоорины барилга, 1.1 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 10 га талбайд жимс, жимсгэнийн суулгац үржүүлгийн газрыг тус тус байгуулж байна.
- Газар тариалангийн техник, тоног төхөөрөмж, үр бордоог дамжуулан борлуулах үйлчилгээг нэвтрүүлэн, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлснээр дотоодын бизнес эрхлэгчид болон дилер компаниудын үйл ажиллагаа эрчимжиж, энэ оны эхний хагас жилийн байдлаар 5.6 тэрбум төгрөгийн техник, тоног төхөөрөмж, 9.7 тэрбум төгрөгийн бордоо, 1.3 тэрбум төгрөгийн ургамал хамгааллын бодисыг тариаланчид, фермерүүдэд нийлүүллээ.
- Таримлын сэлгээ болон малын өндөр уурагт тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор 1600 тонн, есөн төрлийн тэжээлийн таримлын үрийн нөөцийг бүрдүүлж, дамжуулан зээлдүүлэх үйлчилгээгээр олгож байна.
- Хүнсний боловсруулах үйлдвэрийн салбарын борлуулалтын орлого 2024 онд 10.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх онтой харьцуулахад 7.25 хувиар өссөн бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүний 2.8 хувийг эзэлж байна.
- Улсын хэмжээнд 17 аймгийн 25 суманд хоногт 904 тонн сүү боловсруулах хүчин чадал бүхий 88 үйлдвэр, цех болон сүү хүлээн авах 82 хөргөлтийн төв үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд суурилагдсан хүчин чадлын 50 гаруй хувийг ашиглаж, 150.3 сая литр сүү, сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрийн аргаар боловсруулсан байна.
- 940 мянган тонн үр тариа тээрэмдэх суурилагдсан хүчин чадал бүхий 58 гурилын үйлдвэр, цех байгаагаас ес нь тогтмол үйл ажиллагаа явуулж, нийт хүчин чадлын 30.0 хувийг ашиглаж байна.
- 2024 онд 148.4 мянган тонн гурил үйлдвэрлэж, гурилын хэрэгцээний 59.1 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангасан үзүүлэлт гарлаа.
- “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, мах, махан бүтээгдэхүүний экспортын орлого 600.0 сая ам.долларт хүрлээ.
- “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд өнгөрсөн хугацаанд сүү боловсруулах 8, мал төхөөрөх, мах боловсруулах 10, гурилан бүтээгдэхүүний 12, бусад нэр төрлийн бүтээгдэхүүний 9, нийт 39 үйлдвэр шинээр байгуулагдсан. Мөн зоорины багтаамж 15.0 хувь, үтрэмийн багтаамж 7.0 хувь, тариалангийн талбай 13.0 хувь, зуны болон өвлийн хүлэмж 28.0 хувиар тус тус нэмэгдэж, зарим нэр төрлийн хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээг бүрэн хангахаар түвшинд хүрээд байна.
- Хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл 32.0, ажлын байр 21.0, дундаж борлуулалтын орлого 31.0, дундаж цэвэр ашиг 32.0, үндсэн хөрөнгө 55.0, эргэлтийн хөрөнгө 38.0, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 46.0, нийгмийн даатгал 60.0 хувиар тус тус өссөн дүнтэй байна.
Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан нийт 8.4 мянган тонн махыг бэлтгэн нөөцөлсөн бөгөөд 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 2.9 мянган тонн махыг борлуулж, 5.4 мянган тонн махны үлдэгдэл нөөцтэй байна.
- Сүү боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 14 аймгийн 31 үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн 18.9 сая литр түүхий сүү нийлүүлсэн 9.9 мянган малчин, фермерт 18.9 тэрбум төгрөгийн мөнгөн урамшуулал олголоо.
Манай улс мал аж ахуйн салбараас жилд дунджаар 30.0 мянган тонн хонины ноос, 8.0 мянган тонн ямааны ноолуур, 1.8 мянган тонн тэмээний ноос, 0.4 мянган тонн сарлагийн хөөвөр, нийт 40.2 мянган тонн ноос, ноолуур бэлтгэх нөөцтэй юм.
- 2025 оны ноолуур бэлтгэлийн хүрээнд 4.6 мянган тонн түүхий ноолуур буюу нийт ноолуурын нөөцийн 50.0 гаруй хувийг үндэсний үйлдвэрт бэлтгэн нийлүүллээ.
- Дэлхийн эдийн засгийн худалдааны тарифын нөхцөл байдал, зах зээл дэх ноолуурын үнийн бодит байдлыг харгалзан малчдын орлогыг бууруулахгүй байх, ноолуур бэлтгэлийн хугацаанд үндэснийүйлдвэрт хэрэгцээтэй санхүүжилтийг шийдвэрлэх, зээл олголтыг цаг алдалгүй зохион байгуулах зорилгоор арилжааны 2 банкаар 14.0 тэрбум төгрөгийн векселийн гэрээ байгууллаа.
- 2023-2024 онд үндэсний үйлдвэрт нийт 11.9 мянган тонн хонь, тэмээний ноос бэлтгэж тушаасан 45.4 мянган малчин, мал бүхий этгээдэд нийт 13.5 тэрбум төгрөгийн мөнгөн урамшууллыг, 349.2 мянган ширхэг арьс, шир үйлдвэрт нийлүүлсэн 8.1 мянган малчинд 2.9 тэрбум төгрөгийн мөнгөн урамшууллыг тус тус олгосон байна.
- “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд мал аж ахуйн үйлдвэрлэлийн 9.6 мянган хоршоо шинээр байгуулагдаж, 95.1 мянган малчин хоршооны гишүүнээр элссэн нь нийт малчдын 30.8 хувийг эзэлж байна.
- Улсын хэмжээнд 6.8 мянган хоршооны 23.6 мянган малчинд 798.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээлийг олгож, 300.0 тэрбум төгрөгийн зээлд батлан даалт гаргасан байна.
- Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд 2024-2025 онд 57.4 тэрбум төгрөгийг эргэн төвлөрүүлсэн бөгөөд нийт 395 төсөлд 55.9 тэрбум төгрөгийн зээл олгож, 1083 ажлыг байрыг шинээр бий болголоо.