А.БАТТУЯА: Уурлаж уйлсан үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл зүйн онцлогийг сайтар судалж харилцах ёстой
Хэзээ ч билээ шүүгч хүн ямар байх ёстой юм бэ гэх асуултынхаа хариуд сайн хүн гэх хариулт авч билээ. Жаахан гайхаж, сайн хүн гэдгийг нь яаж мэдэх юм бэ гэж лавлаад, шүүгч, өмгөөлөгчид төрөлхийн шударга байдаг юм аа гэх хачин ч гэмээр хариултыг авсан. Харин энэ удаад өмгөөлөгч А.Баттуяа гэх жаахан бүсгүйтэй уулзаад, яг ийм хүнийг л хэлж байж бодсноо нуух юун.
–Үе тэнгийн залуучуудтайгаа хамт ажиллах нь сурч хөгжихөөс эхлээд мэдэрч мэдэх зүйл их байдаг даа?
-Миний хувьд 2019 онд их сургуулиа төгсөж, 2021 онд хуульчийн эрхээ, 2023 онд мэргэжлийн шалгалтаа амжилттай өгч өмгөөлөгчийн эрхээ авсан. Хувийн хэвшил болон төрийн захиргааны байгууллагад ажиллаж байх хугацаандаа би өөрийнхөө жинхэнэ хүсэл тэмүүлэл, үнэт зүйлсийг эрэлхийлж, “Би хаашаа чиглэж, ямар замаар явах ёстой вэ?” гэсэн асуултад хариу хайсаар ирсэн. Энэхүү өөрийгөө танин мэдэх үйл явцын үр дүнд өнөөдөр өмгөөлөгчийн ажил бол миний сонгох зам, үнэт зүйлстэй минь нийцсэн мэргэжил мөн гэдэгт би итгэлтэй болсон. Энэхүү мэдрэмжээрээ өмгөөллийн “Алтаргана” хууль зүйн товчоотой холбогдож өсч хөгжиж яваа өөрсдийн гэсэн карьер, үнэт чанартай, харилцааны болон мэргэжлийн ёс зүйн тал дээр маш өндөр ёс суртахуунтай эелдэг залуустай мөр зэрэгцэн нэгэн эд эс нь болж яваадаа туйлын баяртай байдаг. Ийм зөв хандлагатай, үнэ цэнтэй хүмүүстэй хамтран ажиллаж байгаадаа баяртай байдаг бөгөөд энэ л орчинд би ажлаа сэтгэл хангалуун, урам зоригтойгоор хийдэг нь дэндүү сайхан.
-Өмгөөлөгчийн мэргэжлээсээ олж авч буй онцлог давуу тал гэвэл?
-Өмгөөлөгчийн ажил нь зөвхөн хууль зүйн мэдлэгээр хязгаарлагдахгүй бөгөөд хүний сэтгэл зүй, харилцаа, ёс суртахуун, нийгмийн олон талт үзэгдлийг танин мэдэх, мэдрэх чадварыг ч давхар шаарддаг. Тийм учраас бид эрүүгийн, иргэний, захиргааны болон зөрчлийн хэрэг, мөн иргэн, компаниудын эрх зүйн асуудлаар консалтингийн үйлчилгээ үзүүлэн, өөрийн чадвар, боломжоо сорьж, мэргэжлийн хүрээгээ тэлэх боломжийг эрэлхийлэн хичээнгүйлэн ажиллаж байна. Энэхүү үйл ажиллагаа надад олон шинэ мэдлэг, туршлага олгож, хувь хүний болон мэргэжлийн хувьд ихээхэн өсөн дэвшихэд дэм болж байгаа юм. Үүний гол зорилго нь цаашид мэргэшиж, өөрийгөө гүн гүнзгий танин мэдэхэд туслах явдал юм. Тэр хугацаанд туулж өнгөрүүлэх зам байгаа тул одоо байгаа болон ирэх бүх ажлаа өндөр түвшинд гүйцэтгэх гэсэн тодорхой үзэл баримтлал, зорилготой ажиллаж байна.
-Өмгөөлөгч гэдэг сайхан атлаа хүнд ажил байх. Өмгөөлөгч авна гэж байгаа чинь өөрт нь ямар нэг горьдлого байна л гэсэн үг шүү дээ?
-Нэг зүйлийг онцлох нь зүйтэй. Үйлчлүүлэгчдийн зүгээс “өмгөөлөгч авчих юм бол бүх асуудал ямар ч саадгүй шийдэгдэнэ” гэсэн буруу ойлголт түгээмэл байдаг. Ийм учраас би үйлчлүүлэгчидтэй гэрээ байгуулахаас өмнө тэдэнд “Таны асуудал өмгөөлөгч авлаа гээд шууд шийдэгдэнэ гэж бодож болохгүй. Би таны эрх ашгийг хуульд нийцүүлэн хамгаалж, боломжийн дээд түвшинд хүргэхийн төлөө чармайна. Гэхдээ танд ямар нэгэн үр дүнгийн баталгаа өгч чадахгүй гэдгийг анхааруулж, шаардлагатай мэдээллийг ойлгуулж, зөвшилцсөний үндсэн дээр ажил эхэлдэг” гэж тодорхой хэлдэг. Энэхүү журам надад ажилдаа илүү хариуцлагатай хандах, мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх давуу тал болдог. Мэдээж бидний хүлээн авдаг үйлчлүүлэгчид баярлаж хөөрсөн, инээж наадсан хүмүүс биш байдаг. Тиймээс үйлчлүүлэгчдийн сэтгэл зүйн онцлогийг нарийн судалж, тэдэнтэй харилцахдаа онцгой анхаарал тавих хэрэгтэй болдог.
-Нээрээ л тийм байх даа?
-Уйлсан, уурласан хүний сэтгэл санааг ойлгож, ямар үед нь зөөлрүүлэн, энэрч хандах ёстойг анхан шатны зөвлөгөөнөөс эхлэн онцлон анхаарч ажилладаг. Үйлчлүүлэгчдийн хувьд асуудал хэрхэн шийдэгдсэнээс үл хамааран өмгөөлөгч, хуульчийн зүгээс идэвх чармайлт, хичээл зүтгэлээ илэрхийлсэн тохиолдолд талархал илэрхийлэх хандлага давамгайлдаг. Харин ажлаа ойлгомжтой, хангалттай сайн хийхгүй бол тодорхой бус байдал үүсэж, үйлчлүүлэгчийн сэтгэл дундуур байх нөхцөл бүрддэг. Иймд бид тогтмол мэдээлэл өгөх, харилцан ойлголцох тал дээр илүү анхаарч ажиллахыг зорьдог.
Сэтгүүлч Д.НЭРГҮЙ