"ТЕГ-т дуудсан нь айлган сүрдүүлж, ам үдэх гэсэн хэрэг" хэмээв

Админ1 2019-09-10 | 16:39:35
"ТЕГ-т дуудсан нь айлган сүрдүүлж, ам үдэх гэсэн хэрэг" хэмээв

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар Төрийн ордонд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хэлэлцэж буй заалтуудын талаар байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн, ШИНЭ намын дарга Ж.Батзандан “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлэгт Л.Болд, Ж.Батзандан нар хэд хэдэн асуудал дээр хатуу байр суурьтай оролцсон. УИХ-ын гишүүдийн тоог 108, 99 болгохыг эрс эсэргүүцэж, байр сууриа илэрхийлсний хүчинд энэ асуудал уналаа. УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн хугацааг таван жил болгохыг эрх баригч нам оруулж ирсэн. Энэ асуудлыг ч мөн зогсоож чадлаа. Мөн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудлыг ШИНЭ нам оруулсан байгаа, энэ санал дэмжигдсэн.

Хэлэлцүүлгийн явцад цөмийн хог хаягдлыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх, хадгалах, булшлахыг хориглох санал ШИНЭ намаас гаргасан. Энэ санал Үндсэн хуулийг дагаж мөрдөх журмаар зохицуулагдах боломжтой.

Үндсэн хуульд Үндэсний баялгийн сан байгуулах, стратегийн оруудын ашгийг тус санд төвлөрүүлж бүх иргэнд шударгаар хүртээдэг байх зүйл заалт орсон. Энэ заалт бол энэ удаагийн өөрчлөлтийн амин сүнс” гэсэн мэдээлэл өглөө.

Харин УИХ-ын гишүүн Л.Болд“Өнгөрсөн долоо хоногийн тав дахь өдөр “Баялагтаа эзэн Монгол” лобби бүлгийн таван гишүүн хуралдсан. Хурлаас гарсан шийдвэрийн дагуу стратегийн ордуудаасаа 51-ээс дээш хувийг Монголын ард түмэн эзэмшдэг байх заалтыг илүү тодруулах, 50 хувиас 100 хувьд хүргэх талаар бид зөвшилцөлд хүрсэн. Хэрвээ энэ заалтыг ард түмний хүсэж буй хэмжээнд хүргэхгүй бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг цааш явуулах бололцоогүй гэдэг дээр 20 гишүүн гарын үсэг зураад өнөөдөр УИХ-ын удирдлагад хүргүүлсэн байгаа” хэмээн мэдэгдлээ.

Мөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарыг өчигдөр ТЕГ-аас дуудаж, мэдүүлэг авсан. Хууль хүчний байгууллагууд хүний эрхийг ноцтой зөрчсөн гэмт үйлдлээ төрийн нууц нэрээр халхавчилж, үүнийг нь олон нийтэд ил болгосны төлөө айлган сүрдүүлж, амыг нь үдэхийг санаархаж буйд эгдүүцэж буйгаа тэд илэрхийллээ. Энэ талаар Ж.Батзандан “Төрийн нууц гэдэг бол үндэсний эрх ашиг, үндэсний аюулгүй байдалд хохирол учрахуйц мэдээллийг хэлдэг. Хэн нэгнийг эрүүдэн шүүж, тамлан зовоож, яргалснаа төрийн нууц болгон хувиргаж болохгүй. Хүний эрхийг зөрчсөн хууль хяналтын байгууллагуудын гэмт үйлдлийг ил болгосныг төрийн нууц задалсан гэдэг зүйл ангиар оруулж, амыг нь үдэж, айлган сүрдүүлэх ажиллагаа явуулж болохгүй ээ” гэсэн бол Л.Болд “МАНАН мафи 2016 онд төрийн эрхэнд гарч ирэхдээ Монголын төрийг орвонгоор нь эргүүлсэн байна. 2016 он гэхэд хуулиар 60 төрлийн хэргийг төрийн нууцад хамааруулдаг байсан бол 2016 оноос хойш 600 төрлийн хэргийг төрийн нууцад хамааруулах болсон” хэмээсэн юм.

"ТЕГ-т дуудсан нь айлган сүрдүүлж, ам үдэх гэсэн хэрэг" хэмээв  
NerTur.MN - Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх

Бид мэдээ мэдээллийг хэрэглэгчийн гарт хэрэглэхэд эвтэйхэн хялбар байлгах үүднээс бүх төрлийн төхөөрөмжийн (phone, tablet, desktop) дэлгэцэнд тохир...

Бидний тухай

Хаяг:
Дипломат хотхон, 3-33 тоот
Чингэлтэй дүүрэг,
Улаанбаатар хот

Утас: 
976-77365888

Имэйл:
info@nertur.mn