Ерөнхийлөгч Х.Баттулга төслөө эргүүлэн татлаа

Админ1 2019-09-09 | 14:57:59
Ерөнхийлөгч Х.Баттулга төслөө эргүүлэн татлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгасан санал, төслөө эргүүлэн татаж байгаагаа дөнгөж сая  УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичгээр мэдэгдлээ. Ерөнхийлөгчийн албан бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Албан бичигт “УИХ нь улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхийн баталгаа, оршин тогтнохын их үндэс болсон Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хууль зүйн зөрчил маргаантайгаар эхлүүлж, өнөө маргаашийн асуудалд хэт автсан улстөрчдийн дахин сонгогдох явцуу ашиг сонирхлыг гүйцээн хангасан байдлаар хэлэлцэж улс оронд бодитой оршиж буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх бус 30 жилийн хугацаанд тодорсон алдаа завхралыг үргэлжлүүлэх, ач холбогдол муутай өөрчлөлтийг ард түмэнд тулгахаар шийдвэрлэлээ. Миний бие УИХ-ын гишүүдийн өргөн барьсан төсөлд улс оронд үүссэн хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх тодорхой ач холбогдол бүхий зохицуулалт тусгагдсан гэж үзэж орхигдсон асуудлуудын хүрээнд өөрийн санал төслийг хүргүүлэн хямрал бэрхшээлийг нэг мөр хамтран шийдвэрлэхийн төлөө ажилласан боловч үр дүнд хүрсэнгүй.

Гүйцэтгэх эрх мэдлийн тодорхой эрх мэдлийг хангах, Ерөнхий сайдад танхимаа бүрдүүлэх эрхийг олгох, УИХ-ын гишүүдэд сайдын ажил давхар эрхлэхийг хориглох, сонгуулийг тогтолцоог тодорхой болгох, тойргийн асуудалд автдаг 76 гишүүний тоог нэмэгдүүлж, ард түмний жинхэнэ элч төлөөлөгч байх боломжийг нэмэгдүүлэх, УИХ-ын гишүүдийн улс орны хөгжлийн төлөө ажилладаг болгох зэрэг ач холбогдол бүхий улс орны цаашдын амьдрал, хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж болох өөрчлөлтүүд бүгд хасагдлаа.

Иймд миний бие Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд хүргүүлсэн өөрийн санал, төслийг хэлэлцүүлгийн шатнаас бүрэн татан авч байгаагаа үүгээр мэдэгдэж байна. УИХ АН-ын шахалтаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөө ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэх болсныг зөв гэж үзэж байна.

Гэхдээ ач холбогдол муутай төсөл тулгах бус Засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн зарчмын дагуу засаглалын хэлбэрээ сонгох боломжийг ард түмэнд өгч, нэг мөр асууж шийдвэрлэх ёстой. Тодруулбал, Монгол Улсад цаашид Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх уу гэдгийг ард түмнээсээ асууж шийдвэрлэх шаардлагатай байна. Миний бие ард нийтийн санал асуулга явуулах УИХ-ын тогтоолын төсөл боловсруулсан бөгөөд ард иргэдийнхээ өгсөн хариулт шийдвэрийн хүрээнд шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулж нийтээр хэлэлцүүлэн батлахаас өөр аргагүй гэж үзэж байна. Ингэснээр гүйцэтгэх засаглалын тэргүүнийг улстөрчдийн барьцаа хүлээснээс ангижруулж, улс орон тогтвортой хөгжих боломж бүрдэнэ. Тиймээс Үндсэн хуулийн асуудлаар явуулах ард нийтийн санал асуулгын тухай УИХ-ын тогтоолын төлийг нэн даруй УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэхийг хүсье” гэжээ.


АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА ЯВУУЛАХ ТУХАЙ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТӨСӨЛД
 

-Монгол Улсад Ерөнхийлөгчийн болон парламентын засаглалын аль нь тохирох,

-Гүйцэтгэх засаглалын тэргүүнийг УИХ томилдог бус ард түмэн томилдог байх,

-Гүйцэтгэх засаглалыг нийт ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч тэргүүлэх,

-УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуулийг нэгэн зэрэг явуулах,

-Ард нийтийн санал асуулгыг 2019 оны аравдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд улс орон даяар явуулах гэдэг заалтууд багтжээ.


Харин бусад бүх заалтууд нь УИХ-ын гишүүдийн өргөн барьсан санал асуулгын төсөлтэй адилхан байгаа хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулсан юм.

 
Ерөнхийлөгч Х.Баттулга төслөө эргүүлэн татлаа  
NerTur.MN - Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх

Бид мэдээ мэдээллийг хэрэглэгчийн гарт хэрэглэхэд эвтэйхэн хялбар байлгах үүднээс бүх төрлийн төхөөрөмжийн (phone, tablet, desktop) дэлгэцэнд тохир...

Бидний тухай

Хаяг:
Дипломат хотхон, 3-33 тоот
Чингэлтэй дүүрэг,
Улаанбаатар хот

Утас: 
976-77365888

Имэйл:
info@nertur.mn